10:38 PM Тамхинаас гармаар, тамхийг хаямаар байна уу? | |
![]() Хүмүүс хэлэхдээ тамхи татдаг хүн түүний хор уршгийг хамгийн ихээр мэддэг хэрнээ татдаг гэлцдэг. Энэ нь нэг талаараа үнэний ортой. Гэхдээ дадал, хэвшил, дасал болсон тэрхүү хорт зуршлаас хүмүүс сонин тохиолдоор гарсан байх юм. 1. 41 настай Б гэгч эмэгтэй 21 жил тамхи татсан байна. Гарах ч хүсэл нээх төрдөггүй байж. Өдөрт хайрцаг гаран тамхи татдаг бөгөөд заримдаа бараг 2 хайрцгийг ч татчихдаг байж. Нэг орой орондоо орохын өмнөхөн 2 ширхэг тамхи ойрхон татчихаад сэрүүхэн байсан тул дотуур цамцтайгаа хэсэг хэвтэе гэж орондоо орж. Тэгээд цамцныхаа заханд дулаацах санаатай хамраа шургатал дулаацах нь бүү хэл аймшигтай өмхий, нэгширсэн огиудас хүрэм үнэр ханхалсан байна. Тэр үнэрийг авч жигшсэнээс хойш Б эмэгтэй тамхийг дахин ганц ч сороогүй шууд хаясан байна. Тамхинд зарцуулсан мөнгөний хэмжээгээ тооцож үзсэнд 21 жилийн дотор 11.497.500 төгрөг багасгасан дүнгээр гарч байснаа ч тэрээр одоо хүртэл бусдадаа сануулан хэлдэг гэнэ. 2. Нэгэн өсч яваа бизнесмен залуу бас л тамхи татдаг байж. Нэг удаа Томоохон хамтрагчийнхаа хүүхдийнх нь төрсөн өдөрт уригдан гэрт нь очжээ. Олон ч зочид ирсэн бөгөөд өнөөх залуу гаднаас тамхиа татчихаад л орж. Охинд төрсөн өдрийн бэлгий нь өгч баяр хүргэн үнсэх гэж ойртсонд бяцхан охин ширээ тойрсон зочдын дэргэд залууд үнсүүлэхгүй шууд л нүүрий нь цааш нь түлхсэн байна. Тэгтэл яагаад ахдаа үнсүүлэхгүй байна гэж ээжийгээ хэлэхэд нь чангаас чанга ууртай тод дуугаар энэ ахаас муухай өмхий үнэртээд байна гэчихээд дахин ойртоогүй байна. Залуу бизнесмен олон зочдын дунд эвгүй байдалд орж их л ичиж, өөртөө тамхинаас гарна даа гэж дотроо ам өгч тэр айлаас гарсан цагаасаа эхлэн тамхи татаагүй байна. Татах гэж бодох төдий бяцхан охины хэлсэн үг, жигшсэн харц санаанд нь буугаад байсан гэнэ. 3. 25 настай эмэгтэй Х гэгч нь 7 жилийн туршид тамхи татсан байна. Тэгээд тамхинаас гарах хүсэл өөрийн эрхгүй төрдөг байвч зуршлаа зогсоож чадахгүй байсан байна. Хүүхэд гаргахаасаа өмнө тамхинаас гарна гэж нэг найздаа хэлсэнд найз нь чи одоо хүүхэдтэй болохоосоо өмнө гарвал хүүхдэд чинь, чамд ч гэсэн хэрэгтэй дээ гэжээ. Тэгэхэд нь Х бүсгүй би яг хүүхэдтэй болмогцоо л шууд хаяанаа, харж байгаарай гэхэд нь өнөөх найз нь "Чи яг одооноос эхлээд өөрийгөө жирэмсэн болсон, би хүүхэдтэй болсон гэж бодоод үзээрэй" гэж хэлсэн байна. Х бүсгүй найзаасаа салж явахдаа өөрийгөө жирэмсэн гэж өөртөө итгүүлэн хүүхдээ хордуулахгүй гэж хатуу шийдэн тамхинаас бүр мөсөн гарсан байна. 4. Ү гэгч охин найз нараа дуурайж тамхи татаад 1 жил болжээ. Нэгэн орой 3 найзын хамт залуусын цэнгээний газар орж суунгаа нарийн янжуур гарган намжиртай нь аргагүй утаа суунаглуулан татаж гэнэ. Хажуугийн ширээнд суух хэдэн залуусаас маш аяатайхан нэг дэгжин залуу түүнийг хараад л байж. Ү дотроо би л таалагдаж дээ гэж найз охиддоо хошуу хүргэн хариу жуумаганан харц чулуудаж суув. Хэсэг суусны дараа тэд нартай танилцан ширээ нийлэн сууж яриа өрнүүлцгээв. Ү нарийн тамхийг намжиртай салаавчлан утаа суунаглуулан айлгүйтсэн харцаар өнөөх залууруу ширтэнэ. Гэнэт нөгөө залуу чи наад тамхиа боличихгүй юу...өмнөө тависан үнсний савнаас ялгагдахгүй харагдаж байна, үнэр ч гэж авах юм алга, эмэгтэй юм байж заваан юм бэ? гэж хэлээд дахин нэг ч харьцалгүй байж байгаад даапаалсан харцаар ширвээд гараад явсан байна. Тэр оройноос хойш Ү дахин тамхи таагүй бөгөөд одоо маш сайн, сайхан залуутай үерхээд гэрлэх гэж байгаа бөгөөд тэр орой таарсан залууд ихэд баярлаж явдаг гэсэн. 5. Б гэгч эр тамхи татаад нэлээд удаж. Тамхинаас гарах хүсэл байвч чадахгүй л байлаа. Нэг найздаа тамхинаас гармаар байвч чадахгүй байгаа тухайгаа хэлэхэд найз нь: Чамд хаана ч аваад явах боломжтой хуанли байгаа юу гээд нэг арга хэлж. Маргаашнаас эхлээд тамхи татаагүй нэг өдөр болгоноо хуанли дээрээ тод өнгийн үзэг, харандаагаар Чи Гайхалтай сайн гэж бич, харин ганцыг ч болов татсан өдрөө Чи аймшигтай муухай гэж хар өнгөөр томоор бич. Хуанлигаа хаана ч явсан биедээ авч яв, тэгээд тамхи авах гэж байсан мөнгө болгоноо цуглуулан 3 хоног тутамд өөртөө, ойр дотныхоо хүнд ямар нэг дуртай, амттан эсвэл юу ч байж болно авч өгч баярла, баярлуул гэжээ. Б эргэлзэнгүй найздаа ам өгөөд дээрх аргыг туршсан бөгөөд өөртөө болон ойр дотныхоо хүмүүст тамхи авч татдаг байсан мөнгөөрөө ийм зүйл авлаа гэж өгөх тоолондоо их урам авч хуанли дээрх татаагүй хоногуудынхаа тэмдэглэгээг харах бүртээ зориг орж улмаар тамхинас гарсан байна. Ингээд та дээрх жишээ, тохиолуудыг уншлаа. Та тамхинаас гарах гэж байгаа бол хамгийн түрүүнд өөртөө итгэ, өөрийгөө хурцал, дараа нь ойр дотны бүх хүмүүстээ тамхинаас гарч байгаа тухайгаа зарла, тамхи татах хүсэл, бодол төрөх бүрт өөрийгөө сатааруулан завгүй байлгаж, сонирхолтой зүйл хий. Хүсэх, бодох хугацаа 5-10 минут л хүчтэй үргэлжлээд мартагддаг. Тамхи авах гэж мөнгө сарвайхдаа зориглоод гаа, эсвэл нь жимс, самар аваад идээд үз. Нэг л удаа оролдоод үз та чадна. Тамхинас гарах гэж байгаа хэн нэгнээ дэмж, тамхи татахыг нь харж хамт суухын оронд тамхигүй орчинг санал болго, ятга, багахан зэмлэ. Шинэ содон арга сонсвол дуулга, сэтгэл зүйд нь нөлөөлөх үг үйлдэл, зан байдлыг гаргахыг оролд. Ганц нэг бүтэлгүйтсэн ч найздаа, ханьдаа, аавдаа, ээждээ, ах дүүдээ дэм өгч өөрт нь гарч, хаяж болох юм байна, чадах юм байна гэсэн итгэлийг өгөхийг хичээгээрэй. | |
|
Total comments: 0 | |